Даруухан, анхаарал татамгүй… Заримдаа зүгээр л нэг нимгэвтэр ном хүний дотоод ертөнцөд цуурай мэт цохилж, асар хүчтэй эргүүлэг үүсгэдэг. Огт хүлээгээгүй гүн сэтгэгдэл. Энэ ном яг тийм байлаа.
Ах хүүгийн Мексикийн тухай өгүүллийг уншихдаа:
“Эхэ эхэ, тэгээд Монголд ирсэн бол яах байсан бол?” гэж төсөөлөхөөс инээдээ барьж ядан бодож байтал — дараагийн өгүүлэл нь яг Монголд болж таарав.
Буйд, харь нутагт Монгол багтахгүй байхын аргагүй… Мэдэхгүй ч юм шиг, мэддэг ч юм шиг газар нутгийн түүхэн өгүүлэмжийг шимтэн уншлаа. М. ах 1994 онд Монголд нэг удаа ирсэн юм байна. Буйд алс нутгаар машинтай давхиж яваад бүр чонотой таарч байж. Ерөнхийдөө Халхын голын дайныг сонирхож иржээ.
Монголын тухай тэр өгүүлэл дууссаны дараах хоёр өгүүлэл… үнэндээ огт сонирхол татсангүй. Оюун санаа минь Номунханы нутгаар аль хэдийн аялчихсан, гарч өгдөггүй.
Сонин… эмээ минь их бодогдлоо.
Мураками Халхын голын талбараас сум аваад ирж, тэр шөнө бие нь их хачин болоод унтаж чадаагүй тухай бичсэн байсан. М. ах ер нь элдэв юм бодохгүй, хөдөө гадаа явж чаддаггүй, ерөнхий байдал нь надтай их төстэй санагдсан. Гэхдээ яг чоно агнасны дараа, шөнө эвгүйрхээд сэрж байгаа нь — технологижсон хүн байна уу, өндөр боловсролтой сэхээтэн байна уу, мөнгөтэй хүн байна уу, хаанахын хэн ч байсан — байгаль дэлхий, ертөнцийн хүчний өмнө бүгд ижилхэн захирагддаг гэдгийг сануулсан мэт.
Тэгээд… эмээ минь дахиад бодогдлоо.
“Нутаг ус, лус савдгаа хүндэлж яваарай” гэж хэлдэг байсан. Хөдөө явахдаа сүү өргөж,
“Голын эхийг хүндэл. Уулын сүнсийг гомдоож, бохирдуулж болохгүй” гээд л. Сүү өргөнө гэдэг надад нэг тийм эртний ёс, бараг л бохирдуулж байгаа юм шиг санагддаг байлаа.
“Чиний дотор бүх хүч бий, миний охин. Өөртөө итгэ. Бүгдийг хайрлаж, нигүүлсэж амьдраарай” — энэ үгсийг олон сонссон ч огт тоодоггүй байж.
“Сайн хүний үйлс аяндаа бүтдэг юм. Үснийхээ сэвийг битгий ил хая, шатаа. Жижиг шувуу түүнийг олж идээд хахчихна. Хорхой ч гэсэн амь. Цонхоор гаргаж сур.” гээд л…
Би: эмээ одоо хэн ч ингэхээ больсон, орчин үе өөр гэж томроод л явдаг байж.
Эмээ минь зөвхөн үгээр бус, амьдралаараа ухааруулж сургасан юм байна гэдгийг одоо л ойлгож эхэлж байх шиг.
“Ухаант хүний үгийг нэг дуулбал, насаараа дагаж явдаг. Харин мулгуу хүн бол биеэрээ туулахаас нааш ойлгодоггүй. Тийм болохоор амьдрал түүнд суртал нь хичээлүүдийг өгдөг юм” гэж.
Одоо л тэр үгсийн зах зухаас нь шүүрэн авч гайхан сууна…
Бидний өвөг дээдэс ямар агуу ухаантай, уужуу хүмүүс байсан юм бэ. Заримдаа “Тэнгэр заяат монголчууд” гэхийг сонсоод өөрсдийгөө хөөргөөд байгаа ч юм шиг санагддаг байсан. Гэтэл яг үнэндээ тэр үгэнд гүн үнэн оршдог ч юм шиг.
Нээрээ л миний дотор хэмжээлшгүй хүч бий,
Монгол хүн гэдэг — тэнгэртэй, байгальтай, ертөнцтэй хүйн холбоотой хүмүүс юм биш байгаа?
Энэ ном, тэр өгүүлэл намайг ингэж эргүүлээд, ийн бичүүлж сууна.
“Тэнэг хүнд хүч тохирохгүй” гэдэг. Харин агуу нутагт төрж өссөн бид — тэр сүр хүч, тэр ивээлдээ зохицох ухаанаар амьдрахсан. Ихийг хүсэлгүй, хэрэгцээндээ тааруулж, амьд бүхнийг хайрлаж, байгаль дэлхийтэйгээ эвтэй, орчин тойрноо ивээж, эцэг өвгөдийнхөө сургаалийг ухаж ойлгон, сүнсийг нь амар тайван оршоохсон.
…Орчин үеийн, шинжлэх ухаанч, цахим үндэстэн бид зай завсаргүй ажиллаж, амьдралаа “олох л” гэж зүтгэсээр… эцэстээ үнэндээ хэрэгтэй бүхэн минь —
аль хэдийн бидэнд байсан юм биш байгаа?…гэсэн бодлыг өөртөө тэмдэглэв