Хөрөнгө оруулалтын талаар цэгцтэй бөгөөд ойлгомжтой жишээгээр дүүрэн ном уншихыг хүсвэл энэ номыг сонгож уншаарай гэж зөвлөе. Тогтоод сууж унших биш барин тавин удаан уншлаа. Эмэгтэй хүн бичсэн болохоор бас жижиг гэлтгүй зүйлийг орхиогүй тоймлон бичсэн нь илүү таалагдах байх.
"Миний ирээдүйн санхүү нөхрөөс минь хамаарахгүй байх болно" гэж багадаа гаргасан шийдвэр нь түүнийг амьдралын турш хөтлөх болно.
-"Сонголтын төлөө" Хийсэн сонголтоосоо хамгийн их ашгийг гарган авч ирээдүйдээ зөвхөн зөв шийдвэрийг гаргацгаая... гэсэн хундаганы ерөөлийг нь хааяа вино тулгангаа найзууддаа хэлээд инээлдмээр санагдсан тул энд бичээд үлдээе. Учир нь миний найзууд ч гэсэн бие даасан эмэгтэйчүүд. Бүгд л өөрсдийн хүчээр ажилд, байранд орцгоож, одоо яг хөрөнгө оруулалт, тэтгэврийн хуримтлал, хувьцаа койны зах зээлд их бага гэлтгүй мөнгөө оруулан алдаа оноогоо дэнслэн ярилцаж, нэг нэгнээ уруу татан энэ зам руу замчилж байгаа үе ч яг таарчээ. Ким бол "ЗАМЧЛАГЧ" найзуудынхаа зөвлөгч нь болж тус номонд гарна. Найзууд нь ч бүх салбарт ажиллагч, гэрийн эзэгтэй нар учраас мэдлэгийн з��рүү ихтэй, кейс ихтэй. Ойлгохгүй байгаа найзууддаа маш энгийнээр тайлбарлана.
Бүлэг тус бүрийн эхэн дэх үгнүүд үнэхээр анхаарал татмаар. Жнь:
Эмэгтэй хүнд эрчүүд, албан тушаал, мөнгө, хүүхэд, найз нөхөд, тохь тухтай байдал, бие даасан байдал, эрх чөлөө, хүндэтгэл, хайр дурлал, утас нь татагдадгүй 3 долларын үнэтэй дөркө хүртэл хэрэгтэй. /Филлис Диллер /
Ирээдүйд мөнгөний төлөө ажиллахгүйн тулд чи мөнгийг өөртөө ажиллуулдаг болох ёстой. Үгүй бол чи цалингаасаа хараат эрх чөлөөгүй нэгэн болно.
Сар тутамд чамд хэдий хэр мөнгө хэрэгтэй байдаг вэ? Заавал тооцож гарга.
...Санхүүгийн хараат байдал нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг бууруулдаг ба мөнгөний асуудал байгаагүй бол эмэгтэй хүн чадах юмаа хийхээр зориглож чадах байсан...
... Эмэгтэй хүн өөрийгөө үнэлээд эхлэнгүүт орчин тойрныхонтой харьцах харьцаа нь сайжирдаг.
... Бид хиймээргүй байгаа зүйлсээсээ зайлсхийхийн тулд ямар нэгэн шалтаг, халхавч бодож олох нь олонтаа. Эдгээр шалтагууд нь хүндэтгэх шалтгаан юм шиг харагдаж байвч яг үнэн дээрээ тэдний цаана нь хүсэл зориг байхгүй байгаа нь нуугдаж байдаг. Бид их төлөв ямар шалтаг ашигладаг билээ?
Тиймээс хөрөнгө оруулалтыг сонирхож эхлэхээр шийдсэн л бол том шалтаг гарч ирсэн ч гол чиг шугамаа барин явах ёстой. Таны хувийн шалтгаан чинь эргэлзэх тээнэгэлзэх үед цааш хөтлөн авч явдаг байх тийм жинтэй байх ёстой байх нь ээ.
... Би мөнгөтэй болохоороо тийм ийм юм авна, эсвэл би завтай болохоороо тийм ийм юм хийнэ. Танил үг байгаа биз?
... "Би чадахгүй" гэж хэлэнгүүт л чиний сэтгэх процесс чинь автоматаар зогсчихдог. Үүний оронд өөрөөсөө "Би яаж үүнийг хийх вэ?" гэж асуух хэрэгтэй. Энэ асуулт нь тархийг чинь ажиллахыг шаарддаг.
... Шийдвэр гаргахдаа эмэгтэй хүн орчин тойрныхоо хүмүүсийн ашиг сонирхлыг тооцох хандлагатай байдаг, эрэгтэй хүн энэ тал дээр илүү хувиа бодогч байдаг.
...Эрсдэл нь хөрөнгө оруулалтанд биш " ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ" таньд байдаг.
- Өөрийн гэсэн мөнгөтэй л болоогүй цагт эмэгтэй хүн хэзээ ч хараат бус болж чадахгүй. /Элизабет Кади Стенсон/
Заавал уншаарай гэж зөвлөе. Он хуучин гэж гололгүй мөн эмэгтэй хүн эмэгтэй хүндээ л зориулан алдаа оноогоо дэнслэн амжилтаа хуваалцсан тус номыг уншихыг аминчлан бас эмэгтэйчүүддээ л захия даа.
Бас нэг сайхан үгээр дуусгая.
Эмэгтэй хүн бол дүрдэг цай л гэсэн үг. Халуун усанд дүрэхэд улам өтгөрдөг. Эленара Рузьвелт