Намуун Отгонбаатар's Reviews > Амьдрахуй

Амьдрахуй by Yu Hua
Rate this book
Clear rating

by
29222728
's review

it was amazing

Энэ номын эрчмийг алдахгүй гэж сэтгэгдлээ бичилгүй, зөвхөн дотроо бодож, амтыг нь таашааж явлаа. Тэглээ ч сэтгэл өмрөөд тэр дороо үг бичье гэвч үгээр илэрхийлж боломгүй мэт санагдаад нэг л гар эвлэхгүй байсан юм. Одоо л дотор уужирч байна.

Номоо боломж л гарвал барьж авсаар, хуудсыг нь эргүүлэх тоолондоо уйлсаар уншиж дуусгав. Жижигхэн ном ч гэлээ сэтгэл тогтож өгөхгүй шүүрч авсаар, суурин дээрээ уншиж дуусгасан цорын ганц ном байх.

Цөхрөлд автуулж, гуниг нөмрүүлсэн ийм номтой өмнө нь магад нэг, хоёр л таарч байсан. Олон жилийн өмнө Акутагавагийн өгүүллүүдийг уншихдаа л ингэж их шаналж байснаа санаж байна. Хэдэн өдөр, сар жилээр санаанаас гаралгүй өдийг хүрсэн нь, хайртай зохиолч минь болсон нь тийм л гүн сэтгэгдэл үлдсэнийх. Харин Үй Хуан "Амьдрахуй" роман тэр сэтгэгдэлтэй эн зэрэгцэж ирсэн бараг анхны ном байлаа.

Фу Гүй бол жаргаж чаддаггүй зовлонт дүр. Бидний л нэгэн адил... Хүн зовлондоо илүү дассан, хайртай байдаг шиг. Зовлон даадагч, жаргал дааж чаддаггүй шиг.

Түүний дүр "жаргалдаа ташуурах үедээ бид болж буй бүхнийг зөвхөн хувиа хичээсэн нүдээр харж эхэлдэг. Би л болж байвал. Миний сэтгэл л тэнэгэр байвал. Би л жаргаж байвал үүний дараа, үүний цаана юу болох нь ямар хамаа байжуу? Харин зовох үедээ бусад хүмүүс ч миний адил зовдог гэдгийг, бусдын зовлон ч барагдахгүй их" гэдгийг харж эхэлдгийн нэг тод жишээ. Бидний үнэн төрх л энэ байх. Ингээд бодохоор жаргал тийм сайхан, зовлон тийм муу зүйл гэж үү?

Жаргалд тэмүүлж, зовлонгоос зугтахын оронд зүгээр л амьдарч туулах ёстойгоо туулж, үүрэх ёстойгоо үүрч л амьдрах хэрэгтэйг, юунаас ч зайлах аргагүйг ойлговол... Энэ бүхний дараа ирэх багахан ч болов жаргал дэндүү амттай. Жаргалаа ч жаргал чигээр нь амталж сурсан байдгийнх тэр бизээ. Энэ мэтээр дуусашгүй их эргэцүүлэлд хөтөлж байгаа нь л номын хамгийн сайхан амт, сайхан чанар гэж боддог.

Үй Хуа өөрөө яг дэргэд суугаад хууч хөөрч байгаа юм шиг энгийн хүүрнэх хэрнээ хаана, хэзээ ямар үгээр чимэг хийхээ дэндүү сайн мэддэг юм шиг санагдсан. Орчуулга нь ч мөн дутахгүй сайн.

Фу Гүй залуу насандаа жаргалдаа ташуурч
идэрхэн насандаа зовлондоо дарлуулж явсаар өтөл насандаа амар амгаланг олжээ. Яг л өөрийнхөө хэлснээр. Гэхдээ зовлонт мөчид ч жаргал оршдогийг, жаргах мөчид ч зовлон байдгийг дэндүү сайн ойлгууллаа. Тэгэхээр зүгээр л амьдар. Амьдрах нь өөрөө утга учир.
flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Амьдрахуй.
Sign In »

Reading Progress

August 30, 2019 – Started Reading
August 30, 2019 – Finished Reading
August 31, 2019 – Shelved
August 31, 2019 – Shelved as: to-read

No comments have been added yet.